\5 W and 1 H - Хэн? Юу? Хэзээ? Хаана? Яаж? Яагаад?\
-
“5 W and 1 H” –д бүрэн ба бүрэн бус хариулт өгдөг нийтлэл, нэвтрүүлгийн хамгийн шуурхай, хүртээмжтэй, хамгийн бага хэлбэрийг мэдээ гэж нэрлэнэ.
- Сэтгүүл зүйн хамгийн бага нэгжийг мэдээ гэнэ.
- Аливаа тэмдэгтүүдийн утга, агуулга бүхий багцыг мэдээ гэнэ.
Мэдээний хэлбэр:
- Товч мэдээ \Хэзээ? Хаана? Юу?\
- Дэлгэрэнгүй мэдээ
- Сонсгол мэдээ
- Албаны мэдээ
Нийт хүмүүсийн зайлшгүй мэдэх ёстой, товч эсвэл дэлгэрэнгүй мэдээллийг сонсгол мэдээ гэдэг. Ийм мэдээг олон түмний анхааралд өртөхүйц байдлаар юмуу давтан нэвтрүүлдэг.
Мэдээллийг агуулгын хувьд хоёр ангилна.
- Ашигтай мэдээлэл
- Ашиггүй мэдээлэл
Хүлээн авагч тухайн ХМХ-ээс авч байгаа мэдээлэл нь шинэ мэдлэг өгөх, хуучин мэдээллийг сэргээж, гүнзгийрүүлж байвал ашигтай мэдээлэл болно. Хүлээн авагч \аудитори\ гэдэг бол уншигч, сонсогч, үзэгч юм.
Хэрэв ямар ч шинэ мэдлэг өгөөгүй нөхцөлд ашиггүй мэдээлэл болж хувирна. Ямар ч ХМХ-ийн хувьд хүлээн авагчдад зуун хувь ашигтай байх боломжгүй. Гэхдээ ХМХ-ийн үүссэн зорилго нь ашигтай мэдээллийн тоог нэмэгдүүлэх, олшруулахад оршино.
Мэдээллийг мөн бичлэгийн аргын хувьд \мэдээлэл олж авах аргын хувьд\ идэвхтэй, идэвхгүй гэж ангилдаг. ХМХ-ийн сэтгүүлч, уран бүтээлчдийн идэвхтэй үйл ажиллагаа, хөдөлмөрөөрийн үр дүнд олж авсан, бэлтгэж боловсруулсан мэдээллийг идэвхтэй мэдээлэлд тооцдог. Хэрэв сэтгүүлч бэлэн мэдээ, баримтыг ашиглаж бэлтгэсэн бол \тухайлбал: утсаар авсан мэдээлэл, хүний хэлсэн үг, илтгэл, сонсгол г.м\ идэвхгүй мэдээлэл болж хувирна.
Идэвхтэй, ашигтай мэдээлэл хоорондоо ямагт харилцан уялдаа холбоонд оршдог. Өөрөөр хэлбэл ашигтай мэдээлэл идэвхтэй, идэвхтэй мэдээлэл ашигтай байх магадлал өндөр. Сүүлийн жилүүдэд манай ХМХ-үүдийн хооронд өрсөлдөөн бий болсноор идэвхтэй мэдээллийн хэмжээ өсч байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн дотор ХМХ-ийн материаллаг бааз, сэтгүүлчдийн ур чадвар гол үүрэг гүйцэтгэж байна.
Мэдээг баримтын хувьд 3 ангилна:
- Урьдчилж харж болох баримттай
- Урьдчилж харах боломжгүй баримттай
- Тухайн цаг мөчид хүлээгдэж буй баримттай
Зохиомжийн хувьд 5 ангилна
- Цаг хугацааны дарааллыг хадгалсан
- Нэгжээс ерөнхий рүү чиглэсэн \индукци\
- Ерөнхийгөөс нэгж рүү чиглэсэн \дедукци\
- Уруугаа харсан пирамид
- Эрчимт хөдөлгөөний нэгдэл бүтэц
“Уруугаа харсан пирамид” бүтэцтэй мэдээнд баримтуудыг ач холбогдлын дарааллаар байрлуулна. Хэрэв мэдээний хэмжээг багасгах шаардлагатай бол төгсгөл хэсгээс танаж болдог онцлогтой. Мэдээний энэ хэлбэрийг “Аssociated Рress” агентлаг бий болгожээ.
Мэдээнд тавих шаардлагууд:
- Мэдээний баримт үнэн байх,
- Мэдээ энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй байх. Өөрөөр хэлбэл ямар ч мэдээ дундаж уншигчийн түвшинд бичигдсэн байх ёстой. Үүнийг мэдээний албан дүрэм гэнэ.
- Мэдээ товч байх,
- Мэдээг аль болохоор үгүйсгэсэн хэлбэрээр эхэлж болохгүй.
- Мэдээг олон оронтой тоогоор аль болохоор эхлэхгүй.
- Болвол богино өгүүлбэрээр бич. Хавсарсан нийлмэл өгүүлбэр бага хэрэглэх, зайлшгүй орсон нөхцөлд найруулга зүйн хувьд сайн шалгах хэрэгтэй.
- Мэдээний лид аль болохоор товч, хурц байвал уншигчийг их бие рүү хөтөлж чадна.
- Өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн хоёр аль болох ойрхон байх,
- Мэдээний гарчиг дээд хэмжээнд зохимжтой байх ёстой. Энэ нь ойлгомжтой, товч тодорхой болгохоос гадна эх бичвэрт тохирсон байдаг.
- Гарчигийг одоо цаг дээр бичвэл сонирхол татдаг.
- Мэдээг зөөлөн урсгаж бич. Аливаа мэдээг бичихээс өмнө маш сайн бод. Гадаад нэр томъёоноос аль болох зайлсхийх хэрэгтэй.
- Мэдээнд бүдүүлэг, хар ярианы, хараалын үг байх ёсгүй.
- Мэдээг аль болохоор идэвхтэй үгээр бичихийг хичээ. Энэ нь үйл үгийг ахиухан хэрэглэ гэсэн үг.
- Мэдээнд уран сайхны болон уянгын өнгө аяс, уран дүрслэлийн хэрэглүүрүүд байдаггүй. Зөвхөн нийтлэлийн өнгө аясаар бичдэг.
- Мэдээн дэх өгүүлбэрийн төгсгөлийг онцгой анхаарах шаардлагатай. Аль болох нэг өнгө аясаар бичиж, ижил нөхцлөөр төгсгөхгүй байх.
- Мэдээнд янз бүрийн сул үг, холбоос үг, ойролцоо үгийг маш бага хэрэглэх хэрэгтэй.
- Үгээ маш өндөр түвшинд, зөв сонгох хэрэгтэй.
- Мэдээнд хэт олон баримт ашиглахаас зайлсхий. Баримтуудыг нарийн шалга \хүний нэр, овог, газар усны нэр, байгууллагын нэр, тоо баримт\.
- “5 W and 1 H”-г чадварлаг ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл асуудал болгонд тус тусад нь асуулт тавь.
- Ямар ч мэдээний эх сурвалж баталгаатай, тодорхой байх ёстой.
- Сэтгүүлч хүн хэзээ ч таамгаар бичиж болохгүй. Итгэл, үнэмшилгүй баримтууд ашиглахгүй.
- Мэдээнд сэтгүүлчийн хувийн үзэл бодол орох ёсгүй.
- Мэдээний нэг өгүүлбэрт орох үгийн тоо дунджаар 7, хамгийн ихдээ 19-өөс хэтрэхгүй байвал зүгээр. Нийт мэдээний хэмжээ 60 мөрөөс хэтрэхгүй.
Комментариев нет:
Отправить комментарий