Цуврал лекцийн тухай


Сайн байцгаана уу? Хүндэт оюутнуудаа!
 Бид блогтоо "Сэтгүүл зүйн онолын үндэс" хичээлийн товч лекцүүдийг монгол хэлээр цувралаар нийтэлж байхаар шийдлээ. Эдгээр нь ялангуяа гадаадад сэтгүүлч мэргэжлээр сурч байгаа оюутнуудад хэрэгтэй бөгөөд монголын сэтгүүл зүйн судалгааны салбарын хөгжлийн хандлага, түвшинтэй танилцах, өөрсдийн судалж буй хичээлүүдтэйгээ харьцуулан судалж мэдлэг олох, мөн зарим мэргэжлийн нэр томъёог монгол хэлэнд хөрвүүлэхэд нь тус болох болох болов уу гэж найднам. Бидэнд өөрсдийн ямар нэгэн үзэл баримтлалыг тулгах шаардлага байхгүй, "Монгол судлаачид ингэж л үздэг" гэсэн объектив чиг шугамыг  барих болно.

ЛЕКЦ 1
СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН СИСТЕМ

ОНМХ-д дараах зүйлс багтана. Үүнд:
1. Тогтмол хэвлэл
-  Сонин
- Сэтгүүл
- Цуврал ном
2. Мэдээллийн агентлаг \Жишээ нь: Мон Ца Мэ, ИТАР-ТАСС г.м\
3. Радио \R\
4. Баримтат кино
5. Телевиз \TV\
6. Цахим хэвлэл \Online\
       Олон түмэнд үнэн бодитой мэдээллийг шуурхай, тогтмол хүргэх зорилго бүхий мэдээллийн бие даасан байгууллагыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж нэрлэдэг \ОНМХ\.Радио, телевиз, цахим хэвлэлийг электрон мэдээллийн хэрэгсэл гэнэ. Тогтмол хэвлэл нь бүх төрлийн сонин, сэтгүүл, олон түмэнд мэдээлэл өгөх, танин мэдүүлэх зорилго бүхий цуврал номуудыг багтаана. Ийм ном тодорхой давтамжаар байнга хэвлэгдэхээс гадна олон нийтийг \ОН\ хамарсан байх ёстой юм. Мэдээллийн агентлаг нь өөрийн боловсруулсан мэдээллийг ОН-д шууд дамжуулахгүй,  бусад мэдээллийн хэрэгслийн тусламжтай дамжуулдаг онцлогтой юм. Өөр нэг онцлог бол дотоод үйл явдлын мэдээллийг гадаададын МХ-үүдээр, гадаад орнуудын үйл явдлын мэдээллийг дотоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр \ХМХ\ дамжуулан түгээдэг явдал юм.
       "Сэтгүүл зүй" хэмээх ойлголтыг олон янзаар ойлгодог. Тэдгээрт дараах 4 чиглэл өргөн хэрэглэгддэг болно.
1. Сэтгүүл зүй бол ОНМХ-ийн систем,
2. Сэтгүүл зүй нь мэдээллийн үйл ажиллагааны тодорхой хэлбэр,
3. Сэтгүүл зүй гэдэг бол нийгмийн тодорхой институт,
4. Сэтгүүл зүй нийгмийн шинжлэх ухааны нэгэн салбар.
        Сэтгүүл зүй нь ОНМХ-ийн дөрвөн асуудал буюу онол, практик, түүх, арга зүйг судалдаг.
        Тодорхойлолт:
"Сэтгүүл зүй бол үнэн бодитой мэдээллийг олж, боловсруулж олон түмэнд шуурхай, тогтмол түгээж байдаг мэдээллийн үйл ажиллагаа юм."