Сэтгүүл зүйн онол, практикийн тулгуур ойлголтуудын нэг нь ур чадварын асуудал юм. Учир нь сэтгүүл зүйд ур чадвартай холбоогүй ямар ч асуудал байхгүй. Сэдвээ сонгохоос эхлээд мэдээлэл, баримт цуглуулах, төлөвлөгөө хийж зохиомжлох, найруулах, хянах, гарчиг өгөх, эх сурвалжид хандах, сонин хэвлэлд байрлуулах, нэвтрүүлгийн хөтөлбөрт оруулах, олны хүртээл болгох зэрэг бүх үе шатанд сэтгүүлчийн ур чадвар шаардагдах бөгөөд аливаа бүтээлийн чанарын асуудал сэтгүүлчийн ур чадвараас шууд хамааралтай. Ур чадвар гэдэг нь аливаа субъектийн үйл ажиллагаатай холбоотой түгээмэл, нийтлэг ойлголт бөгөөд бусад бүх мэргэжилд нэгэн адил хамаарна. Сэтгүүлч редакцийн газарт 3 төрлийн үндсэн ажлыг гүйцэтгэдэг:
1. Удирдан зохион байгуулах,
2. Мэдээллийг олж, боловсруулан бичих,
3. Сонин хэвлэл, радио, телевизийн материалыг редакторлаж, хянан найруулах
Дээрх 3 чиглэлийн үйл ажиллагаа бүр өөрийн үе шаттай бөгөөд үе шат бүр сэтгүүлчээс ур чадвар шаарддаг. Ур чадвар хэмээх ойлголтыг өргөн болон явцуу утгаар авч үздэг. Өргөн утгаар ойлгохын тулд үгийн язгуур үндэс рүү хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл “ур чадвар” нь “урлах, чадах” гэсэн утгатай. Тодруулбал, аливааг тавигдах шаардлагын түвшинд урлан бүтээхийг хэлнэ. Тиймээс ур чадвар нь уран бүтээлч хүмүүст илүү их хамааралтай. Тухайлбал, зохиолч, сэтгүүлч хоёрын үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Учир нь энэ хоёр мэргэжил сэтгэн бодох, урлан бичих авьяас шаарддаг. Энэ утгаар авч үзвэл аливаа бүтээлийн чанарын шалгуур болох тэр ойлголтыг ур чадвар гэж нэрлэдэг. Бүтээл болгоныг сайн, муу гэсэн ерөнхий байдлаар дүгнэдэг. Тухайн бүтээлийг шаардлагын түвшинд гүйцэтгэж чадсан бол зохиогчийг ур чадвар сайтай, харин эсрэг тохиолдолд зохиогчийг урлан бүтээх чадвар муутай гэж дүгнэдэг. Энэ бүхнээс харахад “ур чадвар” гэх ойлголт өргөн утгатай, гүнзгий агуулгатай, түгээмэл, нийтлэг болж байна.
Ур чадвар гэдгийг явцуу утгаар нь тухайн бүтээлийг агуулга хэлбэрийн ямар түвшинд яаж хийснийг илэрхийлэх чадвар гэж ойлгоно. Тэгвэл ур чадварыг агуулга, хэлбэрийн нэгдэл гэж ойлгож болно.
УР ЧАДВАР=АГУУЛГА+ХЭЛБЭР
Агуулга гэдэг нь аливаа бүтээлийн үндэс, суурийг бүрдүүлдэг үндсэн элементүүдийн утга бүхий нийлбэр цогц юм.
Хэлбэр бол агуулгыг бүрдүүлж буй элементүүдийг зөв дэс дараалалд оруулж буй хэл найруулга, бүтэц, зохиомжийн элементүүдийн нийлбэр цогц юм.
Агуулга:
- Сэдэв,
- Асуудал,
- Баримт,
- Зохиогчийн санаа бодол, үнэлэлт дүгнэлт.
Хэлбэр:
- Бичлэгийн төрөл, зүйл \Жанр\,
- Бүтэц, зохиомж,
- Хэл, найруулга.
Сэтгүүлч, уран бүтээлчийн сонгож авсан сэдвийн хүрээнд цуглуулсан баримт, санаа бодол, үнэлэлт дүгнэлтийг холбогдох бичлэгийн төрөл зүйлийн хүрээнд, тухайн төрөл зүйлд тавигдах шаардлагын дагуу бүтэц, зохиомжид оруулан, хэл найруулгын тодорхой түвшинд илэрхийлэхийг агуулга, хэлбэрийн нэгдэл гэж нэрлэдэг. Сэтгүүл зүйн онол, практикт агуулгагүй хэлбэр, хэлбэргүй агуулга орших ёсгүй. Гэхдээ практикт агуулгагүй хэлбэр олширч байгааг тэмдэглэх хэрэгтэй. Энэ нь зохиогчийн мэдлэг боловсрол төдийгүй, ур чадвар туйлын хангалтгүй байгаагийн илрэл юм. Хэлбэрт дулдуйдсан уран бүтээл ашиггүй, өгөөжгүй. Өөрөөр хэлбэл сэтгүүлч, уран бүтээлч бага хөдөлмөрөөр бүтээхийг зорьсон нийтлэл, нэвтрүүлэг иймэрхүү байдаг.
Агуулга хэлбэрийн амжилттай нэгдэлд олон хүчин зүйл нөлөөтэй:
1. Сэтгүүлч, уран бүтээлчийн мэргэжлийн мэдлэг,
2. Сэтгүүлч, уран бүтээлчийн дадал, туршлага,
3. Редакцийн газрын менежмент болон маркетингийн бодлого,
4. Сэтгүүлч, уран бүтээлчдийн нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн ерөнхий мэдлэг,
5. Эх хэлний болон гадаад хэлний мэдлэг,
6. Редакцийн хамт олны хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж чадсан эсэх,
7. Сэтгүүлч хүний төрөлхийн авьяас чадвар, мэдрэмж, сэтгэлгээний түвшин,
8. Сэтгүүлч хүний хувийн зохион байгуулалт, хувийн мэдээллийн архив, сонирхол, хүсэл тэмүүлэл гэх мэт.
Комментариев нет:
Отправить комментарий