04.12.2011

Сурвалжлага

Авч үзэх асуудлууд:
Сурвалжлагын тухай ойлголт
Сурвалжлагын дотоод хэлбэрүүд
Бичих арга зүйн асуудлууд

    Сурвалжлага нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд \ХМХ\ байдаг хамгийн түгээмэл, харьцангуй эртний бичлэгийн төрөл зүйл юм. Сурвалжлага гэх нэр томъёо латин хэлний    “ reportore – дамжуулах, хүргэх”  гэсэн үгнээс гаралтай.
Анх сонин хэвлэлд хэвлэгдэж байгаа бүх материалыг сурвалжлага гэдэг байсан нь сэтгүүлчийн үйл ажиллагаа сурвалжилсан байдалтай байдагтай холбоотой.
Дэлхийн анхны сонинуудад сурвалжлага байгаагүй. Сурвалжлага 17-р зууны дунд үеэс боловсронгуй болж эхэлсэн байна. Баруун Европод сууриа тавиад, 19-р зууны дунд үеэс Америкийн сэтгүүл зүйд эрчимтэй хөгжиж, хамгийн түгээмэл бичлэгийн төрөл зүйл болжээ. Радио, ТВ бий болсноор сурвалжлага хөгжлийн шинэ шатанд гарав. Учир нь дуу авиа, дүрсээр бүтдэг нэвтрүүлгийн хувьд сурвалжлага хамгийн гол үүрэг гүйцэтгэх болов. Манай оронд 1930-аад онд сурвалжлага ХМХ-д нэвтэрч эхэлсэн юм. Энэ нь 2 үндсэн шалтгаантай:

1.      Энэ үед радио, баримтат кино бий болсон. Харин мэдээллийн амин сүнс нь сурвалжлага байлаа.
2.      Монгол улсад бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж эхэлсэнтэй холбоотой.
        1950 – онд сурвалжлага нь хамгийн гол бичлэгийн төрөл зүйл боллоо. Энэ явцад хөгжлийн 2 чиг хандлага үүсэв:
1.      Сурвалжлагын шуурхай чанар нэмэгдэж, хэмжээ нь харьцангуй багасав.
2.      Олон янзын БТЗ-үүдийн шинж чанарыг өөртөө агуулах болж, өөрөөр хэлбэл холимог байдалтай болсон байна.
         Дэлхий дахины сурвалжлагын хөгжилд дараах 4 хүн асар их түлхэц өгчээ.
1.      Джон Рид. АНУ. “Дэлхийг донсолгосон 10 хоног”
2.      Эгон Эрвин Киш. Чеход төрсөн Шведийн иргэн. Түүнийг сурвалжлагийн хаан гэж үздэг.
3.      Юлиус Фучик. Чех. “Цаазын газраас сурвалжилсан тэмдэглэл”
4.      Влади́мир Гиляро́вский. Орос. “Хогон доторхи хүмүүс - Трущобные люди

Сурвалжлагын онцлох шинжүүд:
·         Сурвалжлага бол мэдээллийн бичлэгийн төрөл зүйл мөн.
·         Сурвалжлагын сэдэв нь ямагт орон зай, цаг хугацааны хязгаарлагдмал хүрээнд сонгож авсан үйл явдал, баримт байдаг.
·         Тухайн үйл явдлыг хөгжил хөдөлгөөн, өөрчлөлт дунд \динамичность\ нь тусгаж байдаг.
·         Сэтгүүлч үйл явдлын гэрч, ажиглагч, оролцогч нь байдаг \эффект присутствия\.
·     Зохиогчийн бие баатар ямагт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ихэнх тохиолдолд хөтлөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Сурвалжлагыг нэгдүгээр биеэс бичдэг.
·         Сурвалжлагад гол баримтуудыг задлан шинжилж үзүүлээд \шалтгааныг тайлбарлаад\, бусад баримтуудыг нэмэлт мэдээлэл болгон ашигладаг.
·         Сурвалжлагын дотоод логик холбоо өндөр түвшинд хийгдсэн, нэг баримтаас дараагийн баримт урган гарсан байдаг онцлогтой.
·         Хэл найруулгын хувьд мэдээлэл, нийтлэлийн өнгө давамгайлсан, зарим тохиолдолд уран сайхны элемент орсон байдаг.
·         Сурвалжлага бол шуурхай, хүртээмжтэй мэдээллийн бичлэгийн төрөл зүйл мөн. Сурвалжлагын баримт энгийн, ойлгомжтой, утга санаа нь тодорхой байх хэрэгтэй.
·         Бусад бичлэгийн төрөл зүйлээс ялгаатай нь сурвалжлага үргэлж шинийг \новизна\ агуулсан байдаг.

Тодорхойлолт:
Орон зай цаг хугацааны хязгаарлагдмал хүрээнд болж байгаа \эсвэл болсон\ үйл явдлыг хөгжил хөдөлгөөн, өөрчлөлт дунд нь харуулах зорилго бүхий мэдээллийн бичлэгийн төрлийн нэгэн зүйлийг сурвалжлага \репортаж\ гэнэ.
Сурвалжлагын дотоод хэлбэрүүд:
Сэтгүүлчийн өмнөө тавьсан зорилго, ХМХ-ийн онцлогоос шалтгаалаад сурвалжлагыг янз бүрийн хэлбэрээр бичдэг. Тэдгээрийн дотор мэдээлсэн, асуудал дэвшүүлсэн, задлан шинжилсэн, уянгын, шүүмжлэлт зэрэг хэлбэрүүд давамгайлдаг.
1.      Мэдээлсэн буюу шууд сурвалжлага \прямой репортаж\.
Сурвалжлагын энэ хэлбэрийг тогтмол хэвлэлд мэдээлсэн сурвалжлага, радио ТВ-д шууд сурвалжлага гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, болж буй үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилдаг сурвалжлагын өргөн хэлбэр гэж болно. Сонин сэтгүүлд ийм боломж байхгүй учраас болсон үйл явдлын агуулгын талаар шуурхай мэдээлэх зорилт тавьдаг.
Мэдээлсэн сурвалжлагын онцлогууд:
-          Зохиогчийн тайлбар, үнэлэлт дүгнэлт маш бага. Ихэнх тохиолдолд огт байдаггүй. Өөрөөр хэлбэл, болж буй үйл явдлыг тэр чигээр нь шуурхай дамжуулахыг зорьдог.
-          Уран сайхны элемент маш хязгаарлагдмал, мэдээлэл нийтлэлийн өнгө аясаар бичигддэг.
-          Хэмжээний хувьд харьцангуй товч, зохиогчийн анхаарал зөвхөн тухайн асуудалд хандсан байдаг.
-          Зохиогч идэвхтэй байр суурийг баримталдаг, зохиогчийн бие баатар гол үүрэг гүйцэтгэдэг.
-          Хүмүүст нөлөөлөх, итгүүлэн үнэмшүүлэх чадвар маш сайн.
2.      Асуудал дэвшүүлсэн сурвалжлага   
Сонгож авсан үйл явдал, баримтын хүрээнд олон түмний анхаарал татахуйц нэг асуудлыг тусгайлан авч, түүний учир шалтгаан, дотоод мөн чанарыг гаргаж өгөх замаар дэвшүүлэн тавьдаг. Нэмэлт мэдээллийг зөвхөн тэр асуудлын хүрээнд тайлбарлахыг зорьдог. Сурвалжлагын энэ төрөл дараах онцлогтой:
-          Шуурхай бус
-          Нийтлэлийн өнгө аяс давамгайлсан
-          Зохиогчийн тайлбар, үнэлэлт дүгнэлт түлхүү орсон
-          Баримтуудад дүн шинжилгээ хийсэн, учир шалтгааныг нь тайлбарласан
-          Логик дотоод холбоотой, нэг санаанаас нөгөө нь урган гарсан
-          Хэмжээний хувьд харьцангуй том
-          Нийтлэлийн өнгө аяс давамгайлж байгаа учраас өгүүллийн өнгө аяс хадгалагдсан. Гэхдээ асуудал дэвшүүлсэн өгүүллээс ялгагдах хамгийн гол онцлог нь дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэх арга замыг заавал зааж өгөхийг зорьдоггүй. Гол нь, энэ асуудал чухал юм шүү гэдгийг ойлгуулахыг зохиогч хичээдэг. Манай ХМХ-д энэ хэлбэр харьцангуй ховор тохиолддог.
3.      Задлан шинжилсэн сурвалжлага
Хамгийн гол нь, сонгож авсан үйл явдал, асуудал, үзэгдэл, баримтыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэдэг онцлогтой \анализ – синтез\. Асуудал дэвшүүлсэн сурвалжлагатай төстэй.
4.      Уянгын сурвалжлага \сурвалжлага – эргэцүүлэл \
Сонгож авсан сэдвийг нийтлэл, уран сайхны аргаар илэрхийлэхийг зорилго болгодог. Уран дүрслэл ихтэй, уянгын халилтай, зохиогчийн эргэцүүлэл, санаа бодол орсон, харьцангуй задгай өнгө аясаар бичигддэг. Зураглалын элементүүдийг агуулсан байдаг.
Сурвалжлагыг бүтэц зохиомжийн хувьд:
1.      Холбоо
2.      Гурвалсан
3.      Харьцуулсан гэж ангилах нь бий.
Нэг сэдвийн хүрээнд хоёр зүйлийн тухай бичсэн сурвалжлагыг холбоо сурвалжлага гэнэ.
Эерэг, сөрөг хоёр зүйлийг харьцуулсан бол харьцуулсан сурвалжлага гэж үздэг.
Сурвалжлагыг сэдвийн хувьд:
1.      Хөдөө аж ахуйн
2.      Нийгмийн
3.      Үйлдвэрлэлийн гэж ангилдаг удаатай.

Сурвалжлага бичих арга зүй:
1.      Тааралдсан сэдэв болгон сурвалжлагын сэдэв болж чадахгүй. Сурвалжлагын сэдэв наад зах нь 3 шаардлагыг хангасан байх ёстой:
-          Зайлшгүй шинэ зүйл байх,
-          Орон зай, цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх,
-          Хөгжил хөдөлгөөн дундаа өрнөсөн, шуурхай шинжийг хадгалсан байх,
2.      Сурвалжлага бичигч үйл явдалд оролцсон, харсан, ажигласан гэрч нь байх хэрэгтэй.
3.      Баримтуудыг зөвхөн тухайн асуудлын хүрээнд авч үздэг. Өөрөөр хэлбэл, янз бүрийн нэмэлт мэдээллийг бага ашигладаг.
4.      Сурвалжлага бол голдуу мэдээлэл-нийтлэлийн өнгө аясаар бичигдэнэ гэдгийг ямагт санах ёстой.
5.      Сурвалжлага аль болохоор товч, тодорхой байх ёстой.

Зохиогчийн бие баатар буюу 1-р бие ямагт гол үүрэг гүйцэтгэдэг. 

Комментариев нет:

Отправить комментарий